" Би анх Shanghai Jiao Tong University (SJTU)-д суралцахаар бүх материалаа бэлдэж, өргөдлөө хүртэл илгээсэн байсан. Гэвч судалгааны чиглэлдээ тохирох удирдагч (supervisor) олоход хүндрэлтэй байсан бөгөөд удирдагчтай болох эсэх нь тодорхойгүй байсан учраас сургуулийн сонголтоо өөрчлөх талаар бодож эхэлсэн. Ингээд Harbin Institute of Technology (HIT)-ийг эхний сонголтоо болгож, зөвлөгөө авахаар холбогдсон.
Анх ярилцахад миний асуулт бүрт өөрийн бодит туршлага дээр үндэслэн маш дэлгэрэнгүй, ойлгомжтой хариулж байсан нь хамгийн их таалагдсан. Ялангуяа Study Plan бичихдээ өмнө нь CSC-д материал бүрдүүлэх үед гаргаж байсан алдаа, юуг анхаарах ёстойг маш тодорхой тайлбарлаж өгсөн нь надад их тус болсон.
Би өмнө нь CSC тэтгэлэгт өөрөө материалаа бүрдүүлэн өргөдөл гаргаж байсан болохоор бүхнийг өөрөө хийж чадна гэж боддог байсан. Гэхдээ материал бэлдэх явцад зөв, бурууг ялгах, ямар сонголт хийхээ шийдэхэд үнэхээр олон эргэлзээ гардаг юм байна лээ. SJTU дээр удирдагчтай болох магадлал бага гэдгийг мэдээд нэлээд урам хугарсан байсан ч ярилцсаны дараа HIT-д өргөдөл гаргах шийдвэрээ бүрэн баталгаажуулж чадсан. Ердөө хоёрхон удаа ярилцсан хэр нь толгойд байсан олон эргэлзээ маань цэгцэрч, цаашдаа юу хийх ёстойгоо маш тодорхой ойлгосон.
Надад хамгийн их таалагдсан зүйл нь зөвхөн нэг удаагийн зөвлөгөө өгөөд дуусдаг биш, дараа нь гарч ирэх асуултуудад ч тайван, цаг баригдалгүй хариулж, үнэхээр асуудлыг минь шийдэхийн төлөө ажиллаж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн явдал байсан. Материал бэлдэж эхлэхээр өмнө нь бодоогүй олон асуулт гарч ирдэг, ялангуяа pre-admission болон удирдагчтай холбоотой асуудлууд дээр туршлагатай хүний зөвлөгөө үнэхээр хэрэгтэй байдаг юм байна.
Мөн өөрийн бичсэн Study Plan-аа жишээ болгон үзүүлж, хэрхэн логиктой, академик түвшинд бичих талаар чиглэл өгсөн нь миний материалыг илүү хурдан бөгөөд чанартай бэлтгэхэд маш их тус болсон.
Ялангуяа магистрын түвшний элсэлтийн онцлог, удирдагчтай холбогдох, pre-admission зэрэг асуудлууд дээр маш мэргэжлийн түвшний зөвлөгөө авсан гэж боддог. Өмнө нь өөрөө материал бэлдэж байсан туршлагатай ч гэсэн энэ удаад зөвлөгөө авсан нь миний хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан.
Хэрэв магистр, докторын түвшинд Хятадад тэтгэлгээр суралцахаар төлөвлөж байгаа бол чухал материалуудаа туршлагатай хүнээр хянуулж, зөв чиглэл аваарай гэж чин сэтгэлээсээ зөвлөж байна.”
М.Батчимэг